Бүтэц зохион байгуулалт

АРЕВА групп 1996 онд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд түүний 3 охин компани нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн Энергийн тухай хуульд нийцүүлэн ажиллаж байна. 

Баруун гар талаас - Ж.Кинукава (Мицубиши Корпорацийн Дэд ерөнхийлөгч), Д.Цогтбаатар (Монгол Улсын Төрийн өмчийн хорооны дарга), Ж.Билэгсайхан (Мон-Атом ХХК-ийн Гүйцэтгэх захирал), К.Кобаяаши (Мицубиши Корпорацийн Ерөнхийлөгч), Н.Тэгшбаяр (Цөмийн Энергийн газрын дарга), Люк Үрсел (АРЕВА группийн Ерөнхийлөгч асан), Оливье Ванц (АРЕВА группийн Удирдах зөвлөлийн гишүүн, АРЕВА группийн Уул уурхай хариуцсан Тэргүүн дэд ерөнхийлөгч), Паскаль Шэ (Францын Атомын болон Алтернатив Энергийн комиссын Цөмийн Энергийн хэлтсийн дарга), Тьерри Плэзант (АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ компанийн Ерөнхий захирал).

Толгой компани “АРЕВА Монгол” ХХК

томруулж харах

томруулж харах

АРЕВА групп 2007 онд Ийст Эйша Минэралс Энержи компанийг худалдан авч 2008 оны 3 дугаар сард нэрийг нь АРЕВА Монгол ХХК  болгон өөрчилсөн. АРЕВА Монгол ХХК нь Монгол дахь үйл ажиллагааг хариуцан, улсын болон орон нутгийн удирдлагуудтай бүх чиглэлийн хамтын ажиллагаа хөгжүүлэх чиг үүрэг бүхий компани юм. Төв оффис нь Улаанбаатар хотод байрладаг.

2009 оны 12 дугаар сард АРЕВА групп Монгол Улс дахь  ураны хайгуулын үйл ажиллагааг хамтран санхүүжүүлэх зорилгоор Мицубиши корпорацитай гэрээ байгуулж, АРЕВА Монгол компанийн хувьцааны 34%-ийг эзэмших опционы эрхийг Мицубиши Корпорацид олгосон.

2011 оны 11 дүгээр сард Мицубиши Корпораци нь АРЕВА Монгол компанийн хувьцааг эзэмших опционы эрхээ  хэрэгжүүлснээр энэхүү төслийн хамтрагч  болсон юм. “Мицубиши Корпорац”-ийн энэхүү хувь эзэмшлийг Монгол Улсын Засгийн газар  2013 оны 9 дүгээр сард батламжилсан нь мөн оны 11 дүгээр сард хэрэгжсэн билээ.    

"Кожеговь" ХХК хайгуулын үйл ажиллагааг хариуцдаг

АРЕВА групп нь 1996 онд өөрийн 70 %, Монгол Улсад жонш, нүүрсний хайгуул, олборлолт, өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулдаг ГОВЬГЕО компанийн 30 %-ийн хөрөнгө оруулалттайгаар  КОЖЕГОВЬ ХХК-ийг байгуулж, хайгуулын үйл ажиллагааг эхлүүлсэн.

КОЖЕГОВЬ компани нь цацраг идэвхт ашигт малтмалын хуримтлалтай байж болох нутаг дэвсгэрийг олж тогтооход чиглэсэн геологи, хайгуулын үйл ажиллагааг  Монгол Улсын Их Хурлын баталсан Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулийн дагуу явуулдаг.

2009 оноос эхлэн АРЕВА Монгол компани КОЖЕГОВЬ компанийг бүрэн эзэмших болсон.

Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулах “АРЕВА Майнс” ХХК

АРЕВА Майнс ХХК нь Монгол Улсын геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгох ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олборлолтын үйл ажиллагаа явуулах АРЕВА Монгол ХХК (66%), Мон-Атом ХХК (34%)-ийн хамтарсан компани юм.

Төрийн өмчийн хорооноос Мон-Атом компанийг АРЕВА Майнс ХХК-ийн хамтрагч төрийн өмчит компаниар томилсон.

AРЕВА групп нь Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтан дор ажилладаг АРЕВА Монгол ХХК, КОЖЕГОВЬ ХХК, АРЕВА Майнс ХХК гэсэн гурван  компаниар дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг. Компаниуд Монгол Улсын хууль, дүрэм, тухайлбал Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулийн дагуу  ажиллаж байна.