Геологи хайгуул, гидрогеологи

Хайгуулын өрөмдлөг, Сайншандын хотгорт

КОЖЕГОВЬ ХХК нь 1997 оноос Монгол орны зүүн өмнөд хэсэгт орших  Дорноговь, Сүхбаатар аймгуудад геологи хайгуул, судалгааны ажлыг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, байгаль орчны хууль, холбогдох хууль тогтоомж,   журам, стандартуудыг  баримтлан тасралтгүй явуулж ирлээ.

КОЖЕГОВЬ компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд  ураны Дулаан-Уул ордыг 2007 онд,  Монгол орны ураны нийт нөөцийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлсэн, дэлхийд томоохонд тооцогдох Зөөвч-Овоо ордыг 2010 онд тус тус  нээлээ.

Илүүг харуулах

Эрэл хайгуулаас нарийвчилсан хайгуул хүртэл

КОЖЕГОВЬ компани нь хайгуулын хэд хэдэн шатанд нэгэн зэрэг олон төслийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн ажлууд нь Говийн бүсийн геологийн бүх төрлийн мэдээллийг нэмэгдүүлэх, сайжруулах, Монгол орны тунамал хурдсан хотгор дахь ураны хэтийн төлөвийг нь үнэлэхэд чиглэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар КОЖЕГОВЬ ХХК нь Дорноговь болон Сүхбаатар аймгийн тунамал хурдас бүхий хотгоруудад 400'782 га бүхий талбайг хамарсан 14 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Үүнд:

  •  Сайншандын хотгорт 3 хайгуулын тусгай зөвшөөрөл
  •  Дарьгангын хотгорт 11 хайгуулын тусгай зөвшөөрөл   

Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ордын судалгаа нь амжилттай явж байна. Бусад бүс нутагт КОЖЕГОВЬ компанийн геологи хайгуулын хамт олон уран байх магадлалтай геологийн тогтоцыг хайж байна.

Илүүг харуулах

ГЕОЛОГИ ХАЙГУУЛ

Хайгуулын ажлын гол үе шатууд

  • Эрэл хайгуул

Геологийн шинэ нөөцийг илрүүлэх эхний үе шатанд байгалийн ураны хуримтлалыг олох өндөр магадлал бүхий бүсүүдийг тодорхойлон, геологийн боломжит мэдээллүүдийг ашигладаг. Үндсэн аргачлал нь хиймэл дагуул болон агаарын тандалт, гадаргуу дээрх геофизикийн хэмжилт, геологийн тандалт юм.

Хайгуулын баг эдгээр өгөгдлүүдэд суурилсан өөрсдийн геологийн таамаглалаа газрын гүнд шалгахын тулд хамгийн оновчтой газрыг сонгож, цооног өрөмддөг.

  • Өрөмдлөгийн ажил

Өрөмдлөгийн ажил нь 2 зорилготой:

  • Цооног өрөмдөж, газрын гүн дэх геологийн тогтоцоос дээж авах (чөмгөн дээж)
  • Өрөмдсөн цооногт геофизикийн хэмжилт хийж, хурдас хуримтлалын мэдээлэл авах (цооногийн каротаж) 

Хайгуулын өрөмдлөгт ердийн тоног төхөөрөмж мөн шавар ашигладаг. Өрөмдлөгийн шавар нь олон улсын стандартын дагуу бентонит  буюу байгалийн шавар, био задралд ордог полимер болон уснаас бүрдэнэ. Бүс нутгаас хамаарч цооногийн  дундаж гүн нь 150-450 м  байдаг. Жил бүр холбогдох зөвшөөрөл авч байж хайгуулын өрөмдлөг хийдэг.

  • Өрөмдлөгийн дээж

Өрөмдөж гаргасан чөмгөн дээжээс газрын гүн дэх  чулуулгийн найрлага, төрөл бүрийн эрдсийн агуулга зэргийг тодорхойлдог.

  • Дээжлэлт

Чөмгөн дээжийг тээвэрлэн судалгааны байранд авчирч, геологчид анхан шатны ажиглалт хийн, дээжийн өнгө, чулуулгийн хэмжээ, шинж чанарын бичиглэлийг хийдэг.

Чөмгөн дээжүүдээс зарим дээжийг  сонгон  зориулалтын  гялгар уутанд савлан, геохимийн шинжилгээ хийлгэхээр  бие даасан лабораториуд руу илгээдэг.

 

  • Цооногийн геофизикийн хэмжилт

Өрөмдлөгийн ажил дууссаны дараа цооногийн геофизикийн хэмжилт хийдэг. Цооногийн геологийн давхаргыг судлах үүднээс бүхэлд нь физик үзүүлэлтийг тодорхойлдог. Үүнд: элс, шавар, мөн уран байгаа эсэхийг тодорхойлогч байгалийн гамма цацраг, тухайн өрөмдлөгийн ажлын явц зэргийг тодорхойлдог. Мэдрэгч бүхий зондыг дундаа цахилгаан дамжуулах утас бүхий троссоор цооногийн гүн рүү оруулж хэмжилт хийдэг.

Ийнхүү өрмийн цооногуудаас авсан геологийн шинэ мэдээлэл дээр суурилан хайгуулын талбайн талаар геологийн илүү оновчтой ойлголттой болж, эрдсийн шинэ ордуудыг нээх боломжтой болдог.

Сүхбаатар аймагт хийж байгаа геологи хайгуулын ажил нь геологи хайгуулын анхдагч үе шатанд  явж байна.

Илүүг харуулах

Нарийвчилсан хайгуулаас төслийн нарийвчилсан судалгаа хүртэл

Дорноговь аймагт 1997 оноос хийж буй хайгуулын ажлын үр дүнд элсэн чулуунд агуулагдах ураны 2 шинэ ордыг (ролл фронт төрлийн орд) нээлээ.  Эдгээр нь Үнэгтийн хотгорт байрлах Дулаан-Уулын орд, Зүүнбаянгийн хотгорт байрлах Зөөвч-Овоо орд юм.

Нарийвчилсан хайгуулыг Дулаан-Уулын орд дээр 2006 онд , Зөөвч-Овоо орд дээр 2011 онд  эхлүүлсэн. Ураны хүдрийн биетийн хэлбэр,  хэмжээ, агуулга, геологийн орчинг тогтоохын тулд эрдэсжилтийн хил заагийг нарийвчлан зураглах, гидрогеологийн судалгаа хийх зорилготой ажиллаж байна.

ГИДРОГЕОЛОГИ

томруулж харах

томруулж харах

Нарийвчилсан хайгуулын ажлын үе шатанд гидрогеологчид судалгааны талбайн гүний ус, хотгорын төрөл бүрийн уст давхаргын шинж чанар, физик- химийн үзүүлэлтүүдийн тогтвортой байдал, чанарыг хянаж судалдаг.

  • Гидрогеологийн хяналтын цооног

Гидрогеологийн  болон пьезометрийн цооногуудад хийсэн ажиглалтын өгөгдлүүд мөн бусад мэдээллүүд дээр үндэслэн гүний усыг ундны усанд тохирох, эсвэл үйлдвэрлэлийн зориулалтаар  ашиглаж болох эсэхийг тодорхойлдог.

  • Шавхалтын туршилт

Тухайн уст давхаргад нэвтэрсэн пьезометрийн цооногт шавхалтын туршилт хийснээр гидрогеологийн тооцооны үзүүлэлт болох  гипродинамик шинж чанарыг тодорхойлох ба уг үр дүнгээр гүний усны нөөцийг тооцоолдог. Ингэснээр төрөл бүрийн уст давхаргын усыг оновчтой, зөв зохистой ашиглах боломж бүрддэг.

  • Усны дээж авах

Гидрогеологчид пьезометрын цооногоос усны сорьц авч лабораторийн шинжилгээнд явуулж, усны тогтсон түвшинг хэмждэг. Усны дээжийг бие даасан лаборатори болон Цөмийн Энергийн газрын (одоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын) Цацрагийн хяналт, шинжилгээний лабораторид шинжлүүлж, усны чанар, химийн найрлагыг тодорхойлдог. Пьезометрийн цооногуудын усны түвшинг сар бүрийн эхэнд хэмждэг. Энэхүү судалгаа нь уран олборлох ирээдүйн төслийн техникийн үнэлгээний нэг хэсэг юм.

Илүүг харуулах

Өрөмдлөгийн дараах нөхөн сэргээлт, байгаль орчныг хамгаалах

Өрөмдлөгийн ажлын дараа гэрээлэгч компани цооног бүрийн амсрыг цементэлж, ухсан нүхэн дэх шаврыг соруулж, уугуул хөрсөөр нь битүүлж, өрмийн талбайг цэвэрлэн, газрын түвшинтэй нь тэгшитгэдэг. Улмаар КОЖЕГОВЬ компанийн байгаль орчныг хамгаалах багийнхан албан ёсны байгаль орчны хяналтын өмнө нөхөн сэргээлтийн ажлыг хянаж шалган, сайн гүйцэтгэсэн тохиолдолд баталгаажуулдаг. КОЖЕГОВЬ компани, түүний өрмийн гэрээт компаниуд нь өрөмдлөгийн ажлаас үүдэлтэй байгаль орчны нөлөөллийг багасгахад байнга анхаарал хандуулж, өөрсдийн арга, аргачлалыг олон жилийн туршид сайжруулсаар ирлээ.

Практик аргачлалыг сайжруулах ажлыг дараах байдлаар хийдэг. Үүнд:

  • хуучин замын сүлжээг ашиглаж тээвэр болон хүнд машин механизмын хөдөлгөөнийг оновчтой зохицуулах, өрөмдлөгийн талбайд очих үед шинэ зам гаргахыг багасгах,
  • хөрсний эвдрэл, элэгдэлд үзүүлэх нөлөөллийг бууруулах, өрөмдлөгийн талбайн хэмжээг багасгахын тулд өрөмдлөгийн талбайг оновчтой зохион байгуулах,
  • өрөмдлөгийн шаварт зайлшгүй био задралд ордог материал болох полимер мөн байгалийн шавар болох бентионит хэрэглэх,
  • санамсаргүй байдлаар тос масло гоожиж газрын хөрсөнд нэвчихээс сэргийлж, хамгаалах.

Усны хэрэглээг багасгахад чиглэгдсэн өрөмдлөгийн шаврыг дахин боловсруулж ашиглах өвөрмөц аргачлал

КОЖЕГОВЬ компани 2013 оноос  цооногийн гүнээс хамааран усны хэрэглээг 30-60 % багасгахад чиглэсэн өрөмдлөгийн шаврыг дахин боловсруулах өвөрмөц аргыг нэвтрүүллээ. Шинэ аргачлалын ачаар ус, шавар тээвэрлэлт, хаягдал шаврын хэмжээ г.м өрөмдлөгийн үйл ажиллагаанаас үүдэлтэй гадаргуу дээрх нөлөөлөл багассаар байна. Мөн өрөмдлөгийн талбайн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд хялбар болсон.

Видео

Геологи хайгуул ба байгаль орчин

Байгаль орчныг хамгаалахын тулд өрөмдлөгийн ажилд байгалийн гаралтай материал ашигладаг тухай үзнэ үү.

Видео

Геологи хайгуул ба шүтлэгтэй газрууд

Монголын ард түмний зан заншил, тухайлбал шүтлэгтэй газрыг хэрхэн хүндэтгэн ажилладагтай танилцана уу.