Цацраг хамгаалал

Цацраг хамгаалалтын бодлого

Цацраг идэвх гэдэг бол  атомын цөмөөс энерги ялгарах байгалийн үзэгдэл юм. Цацрагийн шарлага авна гэдэг нь энерги шингээж байна гэсэн үг. Энэ энергийг  цацрагийн тунгаар хэмждэг. Цацрагийн хамгаалалтын зорилго нь цацрагийн шарлагын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, багасгахад оршино.

Цацрагийн шарлага

томруулж харах

томруулж харах

Цацраг идэвх нь дэлхий ертөнцийн салшгүй нэг хэсэг билээ. Хүний авч байгаа цацрагийн шарлагын 70% байгалийн цацрагийн шарлага байдаг. Ионжуулагч цацрагийг олон салбарт, тухайлбал анагаах ухаан, аж үйлдвэр, техникийн салбарт өргөнөөр ашигладаг.

Цацрагийн хамгаалалт

АРЕВА группийн цацрагийн хамгаалалтын бодлогод компанийн ажилчид, орон нутгийн иргэдийн цацрагийн шарлагын хэмжээг аль болох бага байлгахыг чухалчилдаг. Группийн цацрагийн хамгаалалтын бодлого  нь ажилчны авах шарлагын тунгийн хязгаарыг тогтоосон олон улсын болон тухайн улсын стандартууд дээр тулгуурласан байдаг. Үүнд ажлын байр болон байгалийн цацраг идэвхийг хамруулдаг.

 ТА МЭДЭХ ҮҮ?

Ажилтан, гэрээлэгч ба орон нутгийн иргэдэд зориулсан цацрагийн хамгаалалтын стандартууд

Олон улсын цацрагийн хамгаалалтын стандарт нь байгаль дээрх цацрагийн шарлагын эрсдэлтэй харьцуулахад үл ялиг илүү байх цацрагийн шарлагын хүлээн зөвшөөрөх тунгийн хэмжээг тогтоосон байдаг. Энэ нь:

  • Энгийн иргэдийн хувьд 1 мЗв/жил
  • Ионжуулагч цацрагтай шууд харьцан ажилладаг хүмүүсийн хувьд дараалсан таван жилийн турш дунджаар 20 мЗв/жил (цөмийн салбарт эсвэл эмнэлэгт цацрагтай ажилладаг хүмүүс гм).

Энгийн иргэд гэдэгт эрүүл мэндийн хувьд харилцан адилгүй, бүх насны хүмүүс багтдаг. Иргэд харилцан адилгүй эрүүл мэндийн үйлчилгээ авдаг. Энгийн иргэдийн цацрагийн шарлагын тунгийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь цацрагтай харьцдаг ажилчдын түвшнээс 20 дахин бага байдаг.

Ажилчдын цацрагийн шарлагын хяналт

АРЕВА групп өөрийн байгууламжууд дээрх ажилчдын ионжуулагч цацрагийн шарлагын тунг ALARA (As Low As Reasonably Achievable) буюу Боломжит бага хэмжээнд байлгах зарчмын дагуу хамгийн бага түвшинд байлгах үүрэгтэй. Үүний тулд үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж байх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж байна. ICRP (International Commission on Radiological Protection) буюу Олон улсын цацрагийн хамгаалалтын комиссын зөвлөмжийн дагуу АРЕВА группийн ямар нэг байгууламж дээр ажиллаж байгаа ажилтны ионжуулагч цацрагийн шарлагын тунг 20 мЗв/хүн/жил хүртэл бууруулах үүрэг хүлээж байна. Ажилчдын цацрагийн шарлагын тунгийн хязгаар 20 мЗв/хүн/жилээс илүү байхаар заасан эрхзүйн зохицуулалттай орнуудад ч Групп дээрх үүргээ баримталдаг.

2013 онд АРЕВА Монгол, Кожеговь компанийн ажилчдын авсан цацрагийн шарлагын хамгийн өндөр тун нь 0.45 мЗв байсан нь эрхзүйн зохицуулалтад заасан хязгаараас маш доогуур байгаа юм.

ХАЙГУУЛЫН ТАЛБАЙН ОРЧМЫН ИРГЭДИЙН ДУНДАХ ИОНЖУУЛАГЧ ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ

Жил бүр хайгуулын талбайн орчмын цацрагийн шарлагад өртөх магадлал хамгийн өндөртэй хүн амын дундах цацрагийн нөлөөлөлд дүн шинжилгээ хийдэг. Цацрагийн шарлагын тунг  миллизивертээр (мЗв/жил) хэмжиж, нэг жилийн  “хуримтлагдсан цацрагийн тунгийн хэмжээ” гэж нэрлэдэг.

АРЕВА Монгол компанийн байгаль орчны хяналтын хөтөлбөрийн цацрагийн хэмжилтийн багаж, дозиметр, дээжлэлтийн хяналтын дүнгээр энэхүү тунг тооцож гаргадаг. Байгалийн цацраг идэвхийн дэвсгэр түвшнээс илүү тун авах магадлалтай иргэдийн амьдарч байгаа орчинд хяналт хийдэг. Үүнд ус, агаар, хөрс, хоол хүнс зэрэг дотоод, гадаад олон хүчин зүйлийг тооцож үздэг.

Шинжилгээг цацрагийн хамгааллаар мэргэшсэн лабораторид шинжлүүлдэг. Лаборатори нь Францын баталгаажуулалтын байгууллага COFRAC, Францын Цөмийн Эрчим Хүчний газраар магадлан итгэмжлэгдсэн лаборатори юм. Олон улсын цацраг хамгааллын хороо (ОУЦХХ), Европын Холбооны удирдамжийг олон улс орнууд түүн дотроо Франц Улс дагаж мөрддөг. Удирдамжид энгийн иргэдийн цацрагийн шарлагын хуримтлагдсан тун нь жилд 1 мЗв-ээс хэтрэх ёсгүй гэж заасан байдаг.

МОНГОЛ УЛС ДАХЬ ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

АРЕВА Монгол, Кожеговь компаниуд нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн хэрээр цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын асуудлыг улам чухалчлан үзэж байна. 

  • Монгол Улсын Цөмийн Энергийн газрын (ЦЭГ) цөмийн болон цацрагийн хяналтын газраас /Цөмийн энергийн газар саяхан татан буугдаж, энэ чиг үүргийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хэрэгжүүлэх болсон/  баталсан хээрийн анги дахь цацрагийн хамгаалалтын төлөвлөгөөний дагуу компани хайгуулын  Дулаан Уул, Зөөвч Овоо суурин анги, Сүхбаатар аймаг дахь хээрийн ангиудад цацрагийн хэмжилтийг тогтмол  хийдэг.
  • Компани цацраг хэмжилтийн төхөөрөмж, гурван “Radiagem  2000” төрлийн багажуудаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цацрагийн хяналт, шинжилгээний лабораториор тохиргоог нь хийлгэж, баталгаажуулдаг.
  • Компани нь ажлын байр, ажилчдын амьдрах байр, хайгуулын талбайд радоны агууламжийг шууд болон шууд бус аргаар хэмждэг.
  • Компани нь компанийн ажилчдад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалт зохион байгуулдаг бөгөөд холбогдох мэдээллээр хангаж ажилладаг.
  • Компани цацрагийн хяналтын төхөөрөмжөө ашиглахаас гадна Францын Алгад компанид үйлдвэрлэсэн ТЛД гэрч дозиметрээр ажлын байрны цацраг идэвхийг тогтмол хэмждэг. ТЛД гэрч дозиметрийг мөн Цөмийн энергийн газрын (Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын) Цацрагийн хяналт, шинжилгээний лабораторид илгээж хэмжилт хийлгэдэг.  
  • Компани нь орон нутгийн иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зориулж уран, түүний хэрэглээ, цацрагийн хамгаалалтын тухай мэдээ, мэдээллийг боловсруулан хэвлэн гаргадаг.
  • Компани нь Сайншандын бүс нутаг дахь тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад нийт 63  цэгт хөрсний цацраг идэвхийн түвшинийг хянадаг.
  • Компани нь ураны хүдрийн  дээжтэй ажилладаг ажилчиддаа нүдний шил, амны хаалт, бээлий зэрэг хувийн хамгаалах хэрэгслийг олгож, хэрэглээг хянаж ажилладаг.

Ажлын байр, ажилчдын амьдрах байрны цацрагийн тунгийн хэмжээ зөвшөөрөгдөх  түвшинд байгааг  хайгуулын ангиуд дээр хийсэн хэмжилтийн үр дүн харуулж байна.

Цацраг идэвхт хэмжилтийн тогтолцоо

Дулаан Уул болон Зөөвч Овоо хайгуулын хээрийн ангиудын ажлын байр,  ажилчдын амьдрах байр орчмын цацраг идэвхийг тогтмол хэмждэг. Тодруулбал дараах байршлуудад цацраг идэвхийн хэмжилт хийдэг. Үүнд:

  • Дулаан Уулын хээрийн анги: Амрах байр, чөмгөн дээж хэмжих байр, гал тогоо, анги орчмын хөрс, чөмгөн дээж хадгалах байр, ажлын байр, XRF дээж бэлтгэл, шинжилгээний өрөө.
  • Зөөвч Овоо хээрийн анги: Анги орчмын хөрс, гал тогоо, шаврын цэг,  давирхай хадгалах байр.

Дээрх байршлуудад хийсэн хэмжилтийн үр дүнгээс харахад  ажлын байр, ажилчдын амьдрах байр орчмын цацраг зөвшөөрөгдөх хэмжээнд байгааг харуулж байна.

Цацраг идэвхийн талаар
ҮЙЛ АЖИЛЛАГАА