Дулаан Уул ГДУО туршилт

Дулаан Уулын хайгуулын талбайд гүнийн усны түвшинг хянаж байгаа нь <br>

Кожеговь компани нь 2010 оны 12 дугаар сараас 2011 оны 6 дугаар сарын хооронд Дулаан Уулын орд дээр Газар доор уусган олборлох технологийн туршилтыг Монгол Улсын Цөмийн энергийн газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас зөвшөөрөл аван хийж гүйцэтгэсэн. Энэхүү технологийн туршилтаар тухайн ордын ураныг ГДУО аргаар олборлох боломжтой нь батлагдсан. Монгол Улсын хууль эрхзүйн шаардлагын дагуу технологийн туршилт хийгдсэн байх шаардлагатай байдаг бөгөөд туршилтын үр дүн, холбогдох  байгаль орчны тайланг жил бүр Төрийн холбогдох байгууллагуудад хүргүүлж байсан.

 ГДУО технологийн туршилт хийх хууль эрхзүйн үндэс

Геологи хайгуулын ажлын үр дүнд илрүүлсэн ураны нөөцөө бүртгүүлэх зорилгоор Кожеговь компани технологийн туршилтаа Газар доор уусган олборлох аргаар хийхээр сонгосон.

Технологийн туршилт хийх  нь цаашид хийгдэх үйлдвэрлэлийн туршилтын байгууламжийн үзүүлэлтийг нарийвчлан тодорхойлоход зайлшгүй шаардлагатай ажил юм.  Уг технологийг ашиглахад  тохиромжтой геологийн нөхцөлтэй,  агуулга багатай орд дээр ГДУО (ISR) технологийг ашигладаг.

Технологийн шийдлийг сориход зориулсан 2 торлол бүхий цооногийн талбай

Хоёр торлол бүхий цооногийн талбай

ГДУО технологийн туршилтыг явуулахын тулд хоёр торлол бүхий цооногийн талбайг байгуулсан. Торлол бүр зургаан өнцөгт хэлбэртэй ба өнцөг бүрт шахалтын цооног, эдгээрийн голд соруулах буюу олборлолтын цооногийг байрлуулав. Туршилт явагдсан эрдэсжилт нь 10 метрийн зузаантай байсан. Бүрэн хэмжээний нэг  цооногийн талбай нь Казахстан Улс дахь КАТКО-н олборлолтын талбайн адил 600 хүртэл тооны торлолоос бүрдэх боломжтой.

ГДУО туршилт хэрхэн явагддаг вэ ?

  • Уусгагч уусмалыг бэлтгэхдээ гүний усыг байгууламж дундуур эргэлтэнд оруулж, багахан хэмжээний хүхрийн хүчил нэмдэг.
  • Энэ  уусгагч уусмалыг хүдрийн биет рүү шахна.
  • Уусгагч уусмал эрдэсжсэн элсэнд нэвчин орно.
  • Эрдэсжсэн хүдэр уусмалтай харилцан үйлчлэлд орж, аажмаар ураныг уусгаж, уранаар ханасан шингэн бий болох нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Торлолын төвд байрлах олборлолтын цооногоор  уранаар баяжсан уусмалыг гадаргуу руу  буцаан соруулна.
  • Эцэст нь урантай уусмалаа  ион солилцооны баганаар нэвтрүүлж,  давирхай дээр уранаа бэхжүүлнэ.

“Ион солилцоо” гэдэг нь уусмал дахь ураны ион давирхай дээр наалдах үйл явц юм.

Байгаль орчны хяналт, шинжилгээ

Уст давхаргын гидродинамик үзүүлэлт, усны  чанарыг хянахын тулд мониторинг буюу хяналтын  худгуудыг уст давхаргын дээд, доод үеүдэд, торлолын гадна болон дотор байрлуулсан.

Уусгах явцад  байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийг хянах, тухайлбал гүний усны чанарт үзүүлж болзошгүй нөлөөллийг мэдэхийн тулд технологийн туршилтын хөтөлбөрт заасанчлан туршилтын өмнө, туршилтын явцад болон  дараа нь гүний уснаас дээж авч шинжилгээнд хамруулах ажлыг байнга хийж гүйцэтгэж байна.

Хяналт шинжилгээний үр дүнд  ураныг байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэлгүйгээр олборлож болох нь харагдсан.

Кожеговь компани нь ГДУО технологийн туршилтын байгаль орчны нөлөөллийн үр дүн, туршилтын дараах байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг  Монгол Улсын холбогдох төрийн захиргааны байгууллагуудад танилцуулсан.

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ ?

Туршилтын явцад гидравлик үзүүлэлтийн болон химийн шинжилгээг туршилтын талбай дээрх лабораторид хийж, өдөр бүр уран, төмөр, хүчил, хүчиллэг орчин,  давсны агууламж  болон давслаг болон бусад үзүүлэлтийг тодорхойлсон болно. Туршилтын явцад 7 хоногт 400 гаруй шинжилгээ хийж байсан.

Уусгагч уусмалыг дахин ашиглах

Ураныг уусмалаас салгаж авсны дараа ашиглагдсан уусмалыг уусмалын урсгалыг тохируулах хэсэг рүү дамжуулна.

Уусмалд (1 %-иас бага агуулгатай) хүхрийн хүчил нэмж улмаар шахалтын цооног руу дахин шахна. Уусгах үйл явц битүү эргэлтээр явагддаг.  Давирхайн бэхжүүлэх хэсэг, лаборатори, хүчилжүүлэх хэсэгт ашигласан багахан хэмжээний усыг тусгай зориулалтын хаягдлын санд хадгалж, санд байнга хяналт тавьдаг.

Туршилтын үр дүн, дараагийн шатны ажил

ГДУО технологийн туршилтыг амжилттай гүйцэтгэсэн нь  хайгуулын үе шатнаас уурхайн нарийвчилсан төслийн үе шат  руу шилжихэд чухал байв. 2011 оны 6 дугаар сард дууссан ГДУО технологийн туршилтын үр дүнд Дулаан Уулын ордоос ураныг газар доор уусгах аргаар олборлох боломжтой болохыг харуулсан. Технологийн туршилтын  үр дүнд тулгуурлан АРЕВА групп уул  уурхайн төслийг эхлүүлэхээр хамтрагч  түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна.

Видео

Дулаан Уулын төслийн уран олборлох технологийн  туршилт

Уран олборлох технологийн туршилтын ач холбогдол, Дулаан Уулын төслийн хүрээнд хийгдсэн газар доор уусган олборлох технологийн туршилттай дэлгэрэнгүй танилцана уу.

Дулаан Уул- Газар доор уусган олборлох технологийн туршилт