Байгаль орчны өмнө хүлээсэн үүрэг

Participating monitoring meeting in Mongolia

Компани үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж байх нь өөрийн үйл ажиллагаанаас хүн ба байгальд үзүүлж болзошгүй нөлөөллийг бууруулах талаар хүлээж байгаа амлалт үүргийн бодит илэрхийлэл юм. Уул уурхайн үйл ажиллагааны үе шат бүрт үндсэн зорилтуудаа тодорхойлж, хаалтын ажлын төлөвлөгөөг эртнээс төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллахыг эрхэм зорлигоо болгон ажиллаж байна.

БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБА 

АРЕВА групп нь хүрээлэн буй орчны унаган төрхийг хадгалахад онцгой анхаарч ажилладаг. Энэ зорилтыг АРЕВА группийн байгаль орчны асуудал хариуцсан  алба хэрэгжүүлдэг бөгөөд байгаль орчинд ээлтэй соёлыг хэвшүүлэх, бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, ажилчдын ур чадварыг дээшлүүлэх болон онцгой байдлын үед авах арга хэмжээнүүдийг төлөвлөх зэргээр өдөр тутам үйл ажиллагаагаа сайжруулж байна.

Байгаль орчны асуудлууд нь дээд удирдлагын шууд хяналтад байдаг бөгөөд дараах үндсэн зорилтуудтай. Үүнд:

Соёлыг хэвшүүлэх:

  • Группийн бүх салбарууд нь байгаль орчны бодлого, үүнтэй холбоотой  хэрэгжүүлж байгаа зорилтууд, арга туршлагаа солилцох,
  • Байгаль орчны үндсэн сорилтуудын талаарх ажилтнуудын мэдлэгийг нэмэгдүүлэх, шилдэг туршлагыг дэлгэрүүлэх,
  • Хууль, дүрэм, журмыг мөрдөх. Үйл ажиллагаандаа тухайн улс орны хууль тогтоомжийг мөрдөх нь АРЕВА группийн нэн тэргүүний зорилт бөгөөд  түүнээс ч өндөр шаардлага, зорилтыг тавьж ажилладаг.

Бодлогын баримт бичиг боловсруулах:

  • АРЕВА группийн үйл ажиллагаанд мөрдөх стандарт журмуудыг шинэчлэн боловсруулах,
  • Группийн мэргэжилтнүүд хоорондоо шилдэг туршлагаа солилцох,
  • Тайлангийн дотоод журмаа шинэчлэх.

Зохион байгуулалт, ур чадварыг сайжруулах :

  • Зорилтот сургалтын төлөвлөгөө боловсруулах,
  • Группийн нөөц чадвар, хариуцлагыг тодорхойлоx,
  • Үйл ажиллагаа явуулж буй бүх газруудад ISO 14001 сертификатын шалгуурыг хангах. Нигер, Франц, Канад дахь 6 салбар 2013 оны 12 дугаар сард ISO 14001 сертификат авсан. Казахстан дахь салбар сертификат аваад удаагүй байгаа бол Монгол дахь салбарууд авахаар ажиллаж байна.

Онцгой байдлын үед авах арга хэмжээг төлөвлөх:

  • Одоо хэрэгжиж буй онцгой байдлын журам, сургуулилтыг үргэлжлүүлэх,
  • Эрсдэлийн үнэлгээ, аюултай хүчин зүйлийн судалгааг хийх зэргээр группийн амин чухал зорилт болох үйлдвэрлэлийн болон байгаль орчны эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

МОНГОЛ УЛСАД БАРИМТАЛЖ БУЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

АРЕВА Монгол, Кожеговь компаниуд нь Монгол Улсын болон олон улсын мөн АРЕВА группийн стандартын дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулдаг. 

  • Байгаль орчны менежментийн төлөвлөгөө

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь тухайн төслийн явцад байгаль орчинд учруулж буй гол нөлөөлөл болон болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг тодорхойлж, түүнд шаардагдах хөрөнгө зардлыг баталгаатай байлгах үндэслэл болдог. Энэхүү төлөвлөгөөний гол агуулга нь тухайн жилд хийхээр төлөвлөж буй ажлыг олон улсын чанар стандартад нийцүүлэн техник аюулгүй ажиллагааг хангах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг төлөвлөж зохион байгуулахад оршдог.

Энэхүү төлөвлөгөөг Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яам хянаж, баталдаг бөгөөд төлөвлөгөөг АРЕВА Монгол компанийн Байгаль орчин, цацраг хамгааллын баг хэрэгжүүлж ажилладаг.

  • Монгол Улсын төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах нь

АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ компанийн байгаль орчны багийнхан холбогдох Төрийн захиргааны болон орон нутгийн удирдлагатай нягт хамтран ажилладаг.

  • Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөл

2013 онд орон нутгийн удирдлага, малчид, сумын албан байгууллагуудын (сургууль, эмнэлэг гэх мэт) төлөөллөөс бүрдсэн Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөлийг Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багт тус тус байгуулсан. Тус зөвлөлүүд улирал тутам иргэдийн төлөөлөлтэй уулзалт ярилцлага зохион байгуулдаг ба уулзалтаар компани үйл ажиллагаагаа танилцуулж, оролцогчид сонирхсон чиглэлээрээ асууж лавлан, хамтын ажиллагааны төрөл бүрийн чиглэлээр санал бодлоо илэрхийлдэг.

2016 оны хурлаар орон нутагт хийсэн уст цэгийн тооллогын үр дүн, Олон нийтийн оролцоотой байгаль орчны хяналтын хөтөлбөрийн 2015 оны тайлан,  “АРЕВА оюутны тэтгэлэг” олгох журам,  Зүүнбаян багийн Соёлын төвтэй байгуулсан гурван жилийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, явц болон Малын эрүүл мэндийн төслийн хаалтын тайлан зэрэг АРЕВА Монгол компаниас орон нутгийн хөгжилд оруулсан төсөл хөтөлбөрийн  сэдвээр ярилцлаа.

Орон нутгийн харилцаа эрхэлсэн баг хамт олон 2016 онд Дорноговь аймгийн хэмжээнд Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөлийн хурлыг нийт 3 удаа орон нутгийн удирдлага, малчид, сумын албан байгууллагуудын  төлөөллийн хамт зохион байгууллаа. 

УУЛ УУРХАЙН МӨЧЛӨГИЙН ҮЕ ШАТ БҮРТ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НӨЛӨӨЛЛИЙГ ХЯЗГААРЛАХ

Дорноговь, Сүхбаатар аймгуудад хэрэгжүүлж буй хайгуулын үйл ажиллагааг оролцуулан уул уурхайн үйл ажиллагааны үе шат бүрт байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Видео

Уул уурхай ба байгаль орчин

Дэлхийн олон оронд явуулж байгаа уул уурхайн үйл ажиллагаанд, тухайлбал хайгуул, олборлолт, нөхөн сэргээлтийн шатанд байгаль орчныг хэрхэн хамгаалдаг тухай үзнэ үү.

Кейс :

ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГИЙН ДАРААХ НӨХӨН СЭРГЭЭЛТ

Өрмийн шавар нь  байгалийн шавар болон био задралд ордог элементүүд болох бентонит,  полимер бүхий шавар юм. Өрөмдлөгийн шаврыг өрөмдлөгийн үед цооног нурахаас сэргийлэхэд ашигладаг бөгөөд өрмийн машины ойролцоо тусгай саванд, хэрэгцээт хэмжээгээр хадгална. Өрөмдлөг дууссаны дараа нөхөн сэргээлтийг дараах дарааллын дагуу гүйцэтгэх ба нөхөн сэргээлтийн ажлыг чанартай хийж гүйцэтгэснээр байгаль орчинд нөлөөлөх байдлыг хамгийн бага хэмжээнд хязгаарлах боломжтой байдаг.

Цооногийн орчны нөхөн сэргээлтийг дараах шат дараалалтай хийж гүйцэтгэнэ:

  • Цооног өрөмдлөгийн ажил дуусмагц 1х1м хэмжээтэй, 1.2м-ийн гүнтэй зүмп доторх өрмийн угаалгын шингэн  шаврыг соруулан авч шавар хуримтлуулах цэгрүү зөөвөрлөх
  • Зүмпийг  ухах үед гарсан  шороогоор нь буцаан  дүүргэж, нягтруулна  
  • Гар аргаар өнгөн хөрсөөр хучилт, тэгшлэлт хийж газрын гадаргын ерөнхий хэв шинжээр хэлбэршүүлнэ
  • Ургамал дахин ургах явцыг жил бүр хянаж мэдээллийн цахим санд бүртгэлжүүлдэг.

 

Нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлийг хүлээн авах нь

Байгаль орчны ажилтан нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлийг дараах мэдээллийг багтаасан баримтын дагуу  албан ёсоор цооног нэг бүрчлэн хүлээж авдаг

  • Талбайн тусгай зөвшөөрлийн дугаар болон нэр
  • Гэрээлэгч компаний нэр болон өрөмдлөгийн багийн тодорхойлолт
  • Цооногийн координат ба дугаар
  • Өрөмдлөг эхэлсэн болон дууссан огноо
  • Цооногтой холбоотой техникийн талын мэдээллүүд
  • Нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ
  • Бохирдол болон хог хаягдлыг шалгасан байдал (асгаралт, ургамлан нөмрөгт нөлөөлсөн байдал гэх мэт)
  • Нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийн дүгнэлт
  • Өрөмдлөг эхлэхийн өмнөх, өрөмдлөг явагдаж байх үеийн болон нөхөн сэргээлтийн дараах цооногийн гэрэл зураг болон цацрагийн фон хэмжилт мэдээлэл

Эдгээр мэдээллийг Байгаль орчны мэдээллийн цахим санд оруулан бүртгэлжүүлсэнээр нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж үздэг.