АРЕВА Сангийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа  “VillageFXB” хөтөлбөрийн үйл ажиллагааг Монголын Бизнес Хөгжлийн Төвөөс өндрөөр үнэллээ

October 16, 2017

АРЕВА Сангийн дэмжлэг болон АРЕВА группийн Монгол Улс дахь салбар компанийн хамт олны оролцоотойгоор “Франсуа-Кзавье Баньо” (“François-Xavier Bagnoud”) нийгэмлэг өрх бүлийг нэн ядуурлаас тууштай гаргаж тэдгээрийг эдийн засаг, нийгмийн бие даасан байдалд хүргэх 3 жилийн хөтөлбөрөө Дорноговь аймагт хэрэгжүүлж байна.  

Энэ оны 10 дугаар сарын 2-ны өдөр FXB Mонгол төслийн хамт олонд Монголын Бизнес Хөгжлийн Төвөөс  олгодог “ Монгол Чанар”, Төслийн менежер Ж.Туяа “Шилдэг Менежер” шагнал тус тус хүртлээ. Монголын Бизнес Хөгжлийн Төв нь Монгол Улсад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааны ил тод байдалд, тухайлбал санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын тайлан зэрэгт нь аудит хийж ийнхүү шилдгүүдийг шалгаруулсан байна.

“VillageFXB” хөтөлбөрт 500-600 хүн, үүнээс тал хувийг нь хүүхдүүд эзлэж байгаа ба нийт гачигдалтай 100 өрх хамрагдаж байна. Тэдгээр өрхүүдэд 3 жилийн хугацаанд хоол хүнс, эрүүл мэнд, орон байр, боловсролын хүрээнд тусламж үзүүлж, сургалт хүмүүжлийн ажил зохион байгуулж, өрх бүрт орлогын эх үүсвэр бүрдүүлэх үйл ажиллагаа эхлэхэд нь арга зүй, санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар өрхүүдийн тал орчим хувь нь орлогын эх үүсвэр бүрдүүлэх үйл ажиллагаа эрхэлж эхлээд байна. FXB төслийн хамт олон эсгий урлаг, ногоо тариалах, талх, нарийн боов хийх сургалт зохион байгуулж, эхлүүлсэн бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхэд  нь тусалж байна. Хөтөлбөрийн эхний жил хоол хүнсний тусламж үзүүлж байсан бол  өнөөдөр хоол хийх, ногоо тариалах тоног төхөөрөмж өгөхдөө айл өрхүүд бага багаар ариун цэврийн хэрэгслээ сайжруулсан явдлыг нь “Ногооны ид шид”, “Эрүүл хоол хүнс”, “Эхлээд өөрийнхөө амьдралыг өөрчилье”, “Хүс! Хий! Хүр!” сургалтаар дамжуулан  эрүүл ахуйн мэдлэгийг нь улам бэхжүүлж байна. Айл өрхүүд  ундны цэвэр ус хэрэглэх боломжтой болсон ба цаашид сайн дадал хэвшлээ хадгалах нь чухал байна. Сар бүр хөтөлбөрийн нийгмийн ажилтан бичиг үсэггүй иргэдэд бичиг үсэг зааж байна. 150 гаруй хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, 28 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас бэлэглэжээ.

Гарч байгаа эерэг өөрчлөлт нь хөтөлбөрийн оролцогчдод үзүүлж байгаа эд материалын тусламж биш харин урам зоригтой байж, хийж бүтээх эрмэлзэлтэй болоход нь  үзүүлж байгаа сэтгэл санааны дэмжлэг юм. Хөтөлбөр дуусахад өрхүүд гэр бүлийн гишүүдээ ядуурлаас гаргах орлогын хангалттай эх үүсвэртэй, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлдэг, эх орондоо амьдралаа бахархалтайгаар авч явах боломжтой болно.