Монгол Улсын Их Сургуулийн цөмийн технологийн оюутнууд АРЕВА Майнс ХХК-ийн төслийн талбай дээр хээрийн дадлагаа амжилттай хийж гүйцэтгэлээ

September 18, 2017

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн цөмийн технологийн  оюутнууд цөмийн физикийн багш, доктор, профессор Н.Норовын хамт АРЕВА Майнс компанийн төслийн талбай  дээр 2017 оны 9 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд хээрийн дадлагаа хийлээ.

Хээрийн дадлагад төгсөх курсын  нийт 14 оюутан оролцлоо.  Хээрийн анги, ажлын талбай  дээр дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсний дээр  оюутнуудад АРЕВА Уул уурхайн Бизнес нэгж болон АРЕВА группээс Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төслийг танилцуулав. Үүний дараа оюутнууд 2010-2011 онд амжилттай хийж гүйцэтгэсэн ISR  буюу Газар доор уусган олборлох технологийн туршилтын талбай дээр очлоо. Тухайн Туршилтын талбайн байгаль орчны хяналт өнөөдөр ч үргэлжилж байгаа ба оюутнууд ISR технологийн  онцлог,  уурхайн уламжлалт аргуудтай харьцуулахад тухайн технологийн давуу талуудын талаар мэдээлэл авлаа. Оюутнууд Н.Норов профессорын хамт Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын цооногийн талбайн өрөмдлөгийн үйл ажиллагаатай танилцаж,  шахах, соруулах болон хяналтын цооног гэж чухам ямар зориулалттай цооног  болох мөн хяналтын цооногийн байршлын онцлогтой танилцаж, сонирхолтой асуулт тавьж, мэдлэгээ дээшлүүллээ.

Компанийн цацрагийн хамгаалалтын мэргэжилтэн Б.Батманлай, Т.Жигмэдсэрчиин нар компаниас цацрагийн хамгаалалтын талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, арга хэрэгслийн талаар танилцуулсан бол ахлах геологич Б.Мөнх-Эрдэнэ ураны ролл-форнт төрлийн орд болон геологийн чөмгөн дээжний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.  Хээрийн дадлагаараа оюутнууд Хамтын оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээний  хөтөлбөрт оролцож,  усны түвшин хэмжих, усны дээж авч, лаборатори руу илгээх үйл ажиллагаатай танилцлаа.

Профессор Н.Норов оюутнуудын хамт хүсэлтийг нь хүлээн авч, хээрийн дадлага хийхэд нь дэмжлэг үзүүлсэн компанийн хамт олонд талархлаа илэрхийлэв.

АРЕВА Майнс- КОЖЕГОВЬ