Дорноговь аймгийн Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөлүүд Зөөвч-Овоо пилот үйлдвэрлэлийн туршилт танилцуулах хурлаа амжилттай зохион байгуллаа

August 03, 2017

Дорноговь аймгийн Улаанбадрах сум болон Сайншанд сумын Зүүнбаян багийн Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөлүүд 2017 оны 7 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд хурлаа тус тус амжилттай зохион байгууллаа.  Зүүнбаян багийн хуралд нийт 18 иргэн багийн Засаг дарга Ц.Ганзоригийн хамт оролцсон бол  Улаанбадрах сумын хуралд нийт 20 иргэн мөн сумын Засаг дарга Ц.Эрхэмболдын хамт идэвхитэй оролцлоо.

2017 онд АРЕВА Майнс ХХК-иас хэрэгжүүлэх Зөөвч-Овоо пилот үйлдвэрлэлийн туршилт эхэлж байгаатай холбоотой энэ удаагийн хурлаар Зөөвч-Овоо төслийн танилцуулгыг дэлгэрэнгүй хүргэлээ. Ахлах геологич Б.Цогт-Оргил ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад хийх нарийвчилсан хайгуулын ажил, химич Ж.Нацагмаа болон төслийн үйл ажиллагаа хариуцсан менежер А.Баярмаа нар Зөөвч-Овоо пилот үйлдвэрлэлийн туршилт болон түүнд ашиглах Газар доор уусган олборлох арга технологи, БО, ХАБ, Тогтвортой хөгжил хариуцсан захирал Ц.Энхжаргал байгаль орчны хяналтын хөтөлбөр,  Тогтвортой хөгжил, орон нутгийн харилцаа  хариуцсан менежер П.Анжлай орон нутагт хэрэгжүүлж байгаа тогтвортой хөгжлийн төсөл болон цаашдын хамтын ажиллагааны талаар танилцуулга, мэдээллийг өгөв.

Нутгийн иргэд АРЕВА Майнс компаниас гүйцэтгэх үйл ажиллагаатай хэдийнээ танил болсон нь тэдний тавьж байсан асуултуудаас харагдаж байв. Үүнд: 200 м өрөмдлөг гүйцэтгэхэд зарцуулах усны хэмжээ, гүнийн усны түвшин буурахад уул уурхайн үйл ажиллагаа нөлөөлөх эсэх, нөхөн сэргээлтийн хугацаа хэр үргэлжлэх, ослын үед авах арга хэмжээний сан байдаг эсэх, АРЕВА Майнс ХХК Монгол Улсын Засгийн газар болон орон нутагтай цаашид ямар гэрээ хэлэлцээ хийх зэрэг сонирхолтой асуултууд тавьсанд компанийн мэргэжилтнүүд дэлгэрэнгүй хариулт өгч байлаа.

 Ийнхүү Хамтын ажиллагааны зөвлөлийн хурлын эцэст компаниийн зүгээс дараагийн хурлыг ирэх 9 дүгээр сард хийх мөн түүнчлэн нутгийн иргэдээс гарсан асуулт, хүсэлтийн хариу болгож зарим нэг малчдын худаг, тухайлбал Гүнсухайтын худагт тулгарч байгаа асуудлыг нарийвчлан судалж шийдвэрлэхэд нь туслах, тогтвортой хөгжлийн сонгон шалгаруулалтын талаар уламжлалт зарчмын дагуу сум, багтай хамтран ажиллах, Зөөвч- Овоо пилот үйлдвэрлэлийн туршилтад ажиллах ажилчдыг компани өөрөө болон гэрээлэгч компаниуд орон нутгаас түлхүү авахад анхаарах мөн энэхүү төсөл дээр цаашид шаардлагатай болох мэргэжлийн талаар танилцуулах зэрэг ажлын тойм төлөвлөгөөг санал болгосон байна.

П.Анжлай, тогтвортой хөгжил, орон нутгийн харилцаа хариуцсан менежер: “Хамтын ажиллагааны зөвлөл маань тогтмол ажиллагаатай болоод даруй 3 жил болж байна. Мэдээлэл солилцох гэсэн чухал үүргээ зөвлөл мөн зөвлөлийн гишүүд маань  сайн гүйцэтгэсэн нь иргэдээс ирж байгаа асуултын чанараас харагдаж байна. АРЕВА Майнс компанийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн зэрэгцээ бид цаашид ч нээлттэй харилцаа яриа өрнүүлэх зарчмаа баримтлан ажиллана,” хэмээн онцлон тэмдэглэв.

 АРЕВА Майнс –КОЖЕГОВЬ