Хамтын Ажиллагааны Зөвлөлүүд 2016 оны хоёрдахь хурлаа хийлээ

September 30, 2016

Улаанбадрах, Зүүнбаян багийн Хамтын Ажиллагааны Зөвлөлийн хурал 2016 оны 8 дугаар сарын 3, 4-ний, өдрүүдэд амжилттай боллоо.
Зүүнбаян багийн Хамтын ажиллагааны зөвлөлийн хуралд  нийт 18 иргэд, Улаанбадрах сумын хуралд 16 иргэн  оролцсон.  Хуралд КОЖЕГОВЬ компанийн байгаль орчны ажилтан А. Цолмон 2015 онд хэрэгжүүлсэн Байгаль Орчны Хамтын мониторингийн үр дүнг танилцуулав. Үүний зэрэгцээ 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулагдсан АРЕВА группийн Монголын Уул уурхайн нийгмийн хариуцлагын зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн 2016 онд орон нутагт санхүүжүүлэх төслийг танилцууллаа.

Зүүнбаян багт нийт 95,456,000 төгрөгийг,
- Зүүнбаян багийн цэцэрлэгийн тохижилт,
- Залуучуудын холбооны байрны тохижилт,
- ЕБСургуулийн дотуур байрны тохижилт,
- Малчны эвдэрсэн худгийн засвар,
- Соёлын хамтын ажиллагаанд зориулахаар төлөвлөсөн.

Харин Улаанбадрах суманд нийт 136,000,000 төгрөгийг,
- Аргалант багийн төвийн тохижилт,
- Сумын төвийн “Болор ус” худгийг агаарын цахилгаан шугамд холбох,
- Хүүхдийн цэцэрлэгийн тохижилт,
- Малчны эвдэрсэн худгийн засварт зарцуулах төлөвлөгөөтэй байна.

Хоёр хурлын төгсгөлд  2016 онд оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар шалгарсан оюутнуудыг танилцуулсан. АРЕВА Монгол компанийн Тогтвортой хөгжил, орон нутгийн харилцааны менежер П.Анжлай: “Хуралд оролцсон гишүүд, ажиглагч нар, АРЕВА группийн Монголын Уул Уурхайн Нийгмийн Хариуцлагын Зөвлөлөөр батлагдсан төслүүдийг сайшаан хүлээн авахын зэрэгцээ хээрийн ангийн хэрэгцээндээ мал худалдан авах эсэх, орон нутагт ажилгүй залуучууд олон байгаа, ажлын байр бий болгох нь чухал тухай санал гарав.. АРЕВА Монгол компани нь үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн иргэдтэй мэдээлэл солилцох зорилгоор нутгийн иргэдийн оролцоо бүхий Хамтын ажиллагааны зөвлөлийг 2014 онд байгуулснаар тогтмол харилцааг бий болгож чадлаа”, хэмээн дурдав.

Улаанбадрах сум, Зүүнбаян багт хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн төсөл хөтөлбөрүүдийг АРЕВА Монгол компанийн Тогтвортой хөгжил, Орон нутгийн харилцаа болон Худалдан авалтын багууд орон нутгийн төсөл хүртэгч нартай хамтран хэрэгжүүлнэ.

АРЕВА Монгол/ КОЖЕГОВЬ