МУИС-ийн цөмийн технологийн оюутнууд КОЖЕГОВЬ компани дээр хээрийн дадлага хийлээ

August 10, 2016

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, инженерчлэлийн сургуулийн цөмийн технологийн  оюутнууд 2016 оны 7 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд АРЕВА Монгол компанийн Дулаан-Уулын хээрийн ангиар зочиллоо.

 

МУИС-ийн цөмийн физикийн багш, доктор, профессор Н.Норов АРЕВА Монгол компанийн үйл ажиллагаа, ISR буюу Газар доор уусган олборлох технологийн туршилтын ажил, үр дүнтэй оюутнуудаа танилцуулах  хүсэлт гаргасныг компани баяртай хүлээн авч, ийнхүү оюутнуудын хээрийн дадлагыг зохион байгууллаа.

 

Хээрийн дадлага ажилд 3-р курсийн нийт 11 оюутан оролцсон. Хээрийн дадлага,танилцах аялал хийхээр ирсэн оюутнуудад КОЖЕГОВЬ компанийн цацраг хамгааллын мэргэжилтэн Б.Батманлай компанийг үйл ажиллагааг танилцуулсан.

 

Б.Батманлай “КОЖЕГОВЬ компанийн үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутгийн байгалийн цацраг идэвхийн хэмжээ Улаанбаатар хотынхтой харьцуулахад бага  юм. КОЖЕГОВЬ компани үндсэн болон гэрээт ажилчдын орчны ионжуулагч цацрагиийн шарлагын тунг тогтмол хянадаг. Үүнээс гадна  жил бүр ажилчдын  шарлагын хувийн тунгийн шинжилгээний дүнг ажилчдад танилцуулж, холбогдох журмын дагуу архивт хадгалдаг. Сонирхуулан хэлэхэд, 2015 онд КОЖЕГОВЬ компанийн хээрийн ангийн ажилчдын цацрагийн шарлагын дундаж тун 0.17 мЗв байсан. Энэ нь холбогдох ОУ-ын болон үндэсний норм, стандартад  заасан цацрагтай ажиллагчдын жилд авч болох цацрагийн тунгийн үндсэн хязгаараас (20 мЗв) маш бага байгаа юм.  Харин гадаад орчны цацрагийн хяналтын хэмжилтүүдийг сонгосон цэгүүд дээр тогтмол хийдэг,” хэмээн дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

 

Оюутнууд мэргэжлийн дагуу сонирхсон асуултаа тавьж хариулт авч байсан бол удирдсан багш Н. Норов 2010-2011 онд 6 сарын хугацаанд хийгдсэн Дулаан-Уулын төслийн ISR технологийн туршилтын  онцлог, технологийн дэвшилтэт талуудын талаар мэдээлэл өгөв. Туршилтын талбайн байгаль орчны хяналт өнөөдөр ч үргэлжилж байгаа нь оюутнуудын анхаарлыг зүй ёсоор татав. Хээрийн дадлагаар КОЖЕГОВЬ компанийн гэрээлэгч  Ордгео компаний өрөмдлөгийн явцтай танилцлаа. 

 

АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ компаний хамт олонд багш сурагчид хүсэлтийг нь хүлээн авч, дадлага ажилд дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлэв.

 

АРЕВА Монгол/ КОЖЕГОВЬ