Малын эрүүл мэндийн төслийн хэрэгжилтийн анхны жилийн тайланг танилцууллаа

March 10, 2016

Хил хязгааргүй малын эмч нар, агрономичид (AVSF) болон Монголын хувийн мал эмнэлгүүдийн нэгдсэн хоршооноос Малын эрүүл мэндийн төслийн хэрэгжилтийн талаарх анхны жилийн тайланг  2016 оны 1 дүгээр сарын 28, 29-ний уулзалтаар танилцууллаа. Хурлаар төсөл хэрэгжиж эхэлсэн буюу 2015 оны 2 дугаар сарын 4-өөс 11 дүгээр сарын 24-ний хооронд төслийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Дээрх хугацаанд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь нэг гадаад нэг монгол малын эмчийн бүрэлдэхүүнтэйгээр Зүүнбаян баг, Улаанбадрах сумын нутагт малчин өрхүүдээр явж ажилласан бөгөөд нийт 500-аад дуудлага хүлээн авч, 800 гаруй малд үзлэг хийжээ. Олон нийтэд малын эрүүл мэндийн хяналтын үр дүнгийн талаар танилцуулах зорилгоор сонирхсон сум, багийн бүх оролцогч талуудад сар тутмын  мэдээллийн хуудас бэлдэн гаргаж байна.

Тайлангийн хуралд  Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга,  Аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга, Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн захирал, зарим сум, багийн Засаг дарга нар, Зүүнбаян баг, Улаанбадрах сумдын малчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд бүх төлөөлөгчид идэвхтэй, бүтээлчээр  оролцлоо.

АРЕВА Монгол ХХК-ийн Орон нутгийн харилцааны ажилтан Б.Буянхишиг : “Бид Малын эрүүл мэндийн төслийн тайлангийн хуралд оролцсондоо баяртай байна. Ялангуяа мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нутгийн малчдыг дэмжиж маш их ажил хийж байгааг харахад үнэхээр сэтгэл хангалуун байна" , гэж онцлон тэмдэглэв.

Малын эрүүл мэндийн төсөл нь малын эрүүл мэндийг сайжруулах, малчдын хамтын санаачлагыг  дэмжих зорилгоор 2014 оны 11 дүгээр сараас хэрэгжиж  эхэлсэн бөгөөд энэхүү хоёр жилийн хугацаатай төсийг  АРЕВА Монгол ХХК  бүрэн санхүүжүүлж байгаа билээ.  Төсөл нь АРЕВА Монгол ХХК-ийн үйл ажиллагаа явагдаж байгаа нутгийн малын эрүүл мэндийн асуудлыг ойлгох, хяналт тавих зорилготой юм.

АРЕВА Монгол/ КОЖЕГОВЬ ХХК