Улаанбадрах сумын ХАБЭА-н зөвлөл Дулаан-Уулын хээрийн анги дээр

May 03, 2016

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл 2016 оны “Дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр”-ийг угтсан аянаа КОЖЕГОВЬ компанийн Дулаан-Уулын хээрийн анги дээр тус компанийн ХАБЭА-н багийнхантай хамтран энэ оны 4 дүгээр сарын 21-ний өдөр эхлүүлэв.

Улаанбадрах сумын засаг дарга Б.Ганзоригоос ирүүлсэн хүсэлтийг КОЖЕГОВЬ компани баяртай хүлээн авч, 4 дүгээр сарын 21-ний өдөр хоёр талын ХАБЭА-н багийнханд харилцан туршлага солилцох таатай нөхцөлөөр хангалаа.

КОЖЕГОВЬ компанийн ХАБЭА-н багийнхан компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, баримтлан ажилладаг дүрэм журмаа танилцуулахын зэрэгцээ, хээрийн ангийн галын аюулгүй байдал, 5С зарчим болон статистик дүн мэдээгээ танилцуулав.

Улаанбадрах сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүд Дулаан-Уулын хээрийн анги, ангийн ойр орчим, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж байгаа сайн туршлагатай танилцсан байна. Сумын зөвлөлийн ахлагчаар Засаг даргын орлогч Д.Мөнхномин ажилладаг бөгөөд үндсэн 7 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг юм байна.

КОЖЕГОВЬ ХАБЭА-н менежер А.Даваадаш: “АРЕВА групп нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хамгийн нэн тэргүүнд тавьдаг. Групп болон АРЕВА Монгол, КОЖЕГОВЬ компаниуд ганцхан зорилттой байдаг “НЭГ Ч ОСОЛГҮЙ” ажиллах билээ. Ийм чухал сэдвээр Улаанбадрах сумынхантай хамтран өдөрлөг зохион байгуулж байгаадаа бид их баяртай байна. Компанийн үйл ажиллагаа биднийг сонирхсон хэн бүхэнд нээлттэй байдгийн тод жишээ болсон энэ төрлийн арга хэмжээнүүдийг  цаашид ч зохион байгуулна”, хэмээн дурдлаа.

АРЕВА Монгол/ КОЖЕГОВЬ