Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дорноговь аймагт ажиллалаа

February 25, 2016

Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Э.Барсак АРЕВА Монгол компанийн удирдлагын хамт энэ оны 2 дугаар сарын 17-20-ний өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа. АРЕВА Монгол компанийн удирдлага жил бүр орон нутгийн удирдлагад Сар шинийн мэндчилгээ хүргэж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм.

Хатагтай Элчин сайд 2 дугаар сарын 17-нд Дорноговь аймгийн Засаг дарга ноён П.Ганхуягтай уулзаж, Монгол, Франц орны хоёр талт хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцлаа. Хамтын ажиллагааны нэг чухал жигүүр нь АРЕВА группээс Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл юм. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга ноён П.Ганхуяг АРЕВА Монгол компанитай хөгжүүлж ирсэн хамтын ажилагаа мөн компанийн хэрэгжүүлсэн ирсэн нийгмийн төсөл хөтөлбөрүүд, орон нутгийн хөгжилд үзүүлж байгаа дэмжлэгт сэтгэгдэл өндөртэй явдгаа  илэрхийлэхдээ, 2007 оноос тасралтгүй хэрэгжүүлж байгаа малжуулах төсөл, хоёр жилийн хугацаатай Малын эрүүл мэндийн томоохон төсөл, хамгийн сүүлийн жишээ болох Нэн ядуу өрхүүдэд дэмжлэг үзүүлэх гурван жилийн төслүүдийг цохон тэмдэглэлээ.

Дараа нь айлчлалын баг 1996 оноос АРЕВА Монгол компанийн үндсэн үйл ажиллагаа явж ирсэн Зүүнбаян баг, Улаанбадрах суманд  зочлов. Элчин сайд сум, багийн удирдлагатай уулзаж, АРЕВА группийн Уул уурхайн нэгжийн санхүүжилтээр тохижуулсан дунд сургуулиудын мэдээлэлзүйн танхимын нээлтэнд оролцов.

Монгол Улсад томилогдоод удаагүй байгаа хатагай Э.Барсак орон нутагт анхлан АРЕВА Монгол компанийн үйл ажиллагаа явж байгаа аймагт очиж ажилласан нь Францын засгийн газраас АРЕВА группийн төслийг чухалчлан анхаардагийн тод илрэл боллоо. Дорноговь аймагт ажиллах үеэрээ Элчин сайд энэхүү төсөл нь Монгол Улсын хувьд ч мөн стратегийн өндөр ач холбогдолтой болохыг дахин батлав.

АРЕВА Монгол/ КОЖЕГОВЬ