Зөөвч-Овоогийн ордын талбайд ГДУО туршилтын төслийн БОННҮ батлагдлаа

March 07, 2016

КОЖЕГОВЬ ХХК-ийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших ХV-011946 лицензтэй Зөөвч-Овоогийн ордын талбайд газар доор уусган олборлох (ГДУО) туршилтын төслийн Байгаль орчины нөлөөллийн  нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)-г Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэргэдэх Мэргэжлийн зөвлөл 2015 оны 12 дугаар сард хэлэлцэж, 2016 оны 3 дугаар сард баталлаа.

Туршилтын төслийн үйл ажиллагаа нь нийгэм, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөргөөр болон эерэгээр нөлөөлөх байдлыг үнэлэх зорилгоор БОННҮ-г Энвайрон компани КОЖЕГОВЬ компанийн мэргэжлийн багуудын оролцоотой хийж гүйцэтгэлээ.

Үнэлгээг Энвайрон компани 2014 оны 11-р сарын 15-аас 2015 оны 5 дугаар сарын 20-ны хооронд цацраг, хими, хог хаягдал, хөрс, ургамал, заг, агаар, дуу шуугиан, гидрологи, гүний ба гадаргын усны чанар, хөхтөн амьтан, шувуу, мөлхөгчид, сээр нуруугүйтэн, нийгмийн эрүүл мэнд, нийгэм эдийн засаг гэх мэт чиглэлээр мэргэжлийн баг үйлдвэрлэлийн технологийн судалгаа, суурь судалгаа, хээрийн судалгаа, үнэлгээ боловсруулалтын гэсэн 4 үе шаттайгаар хийв.

АРЕВА Монгол компанийн салбар хариуцсан захирал Ц.Энхжаргал: “Зөөвч-Овоогийн ордын талбайд газар доор уусган олборлох туршилтын төслийн Байгаль орчины нөлөөллийн  нарийвчилсан үнэлгээ батлагдсанаар АРЕВА группээс Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл чухал үе шатандаа ирж байна. Үнэлгээний ажлаар хээрийн судалгааны ажлаас гадна үнэлгээний ажилд олон нийтийн санал, сэтгэгдэл, орон нутгийн бодлого, хандлага, нийгмийн байдал, нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх байдлыг  судалсан нь чухал үр дүнтэй боллоо. Судалгааны хугацаанд Сайншанд сумын Зүүнбаян баг, Улаанбадрах сум, тус сумын Аргалант багийн холбогдох мэргэжилтэнүүд, тусгай зөвшөөрлийн талбайд намаржиж, өвөлжиж байсан малчидтай уулзаж, үнэлгээний ажлын зорилго, явц үр дүнгийн талаар ярилцаж, санал асуулга авсан. Үүний зэрэгцээ Аргалант багийн бүх иргэдийн хурлаар судалгааны үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан гээд томоохон ажлуудыг судалгааны баг компанийн мэргэжилтэнүүдтэй хамтран хийлээ”, хэмээн цохон тэмдэглэв.

АРЕВА Монгол/ КОЖЕГОВЬ