AРЕВА Монгол компани 2015 оны “Шилдэг хөрөнгө оруулагч” боллоо

February 26, 2016

Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн удирдлагаас тодорхой шалгуурын дагуу иргэдийн дунд явуулсан санал асуулга дээр үндэслэн 2015 оны “Шилдэг хөрөнгө оруулагч” өргөмжлөлийг АРЕВА Монгол компанид олголоо. Компанийн удирдлагаас орон нутгийн удирдлагад Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн, хүндэтгэл үзүүлэх үеэр өргөмжлөлийг ерөнхий захирал Т.Плэзантад энэ сарын 18-нд гардуулан өгөв.

Зүүнбаян багийн удирдлагаас тухайн жилд оруулсан хөрөнгө оруулалт, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, орон нутгийн байгууллагуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагаа, хамгийн чухал нь орон нутгийн иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүнд тулгуурлан “Шилдэг хөрөнгө оруулагч” аж ахуйн нэгжийг шалгаруулдаг билээ.

АРЕВА Монгол компанийн Сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлэх энэ жилийн арга хэмжээнд Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Э.Барсак гэр бүлийн хамт оролцсоноороо чухал байлаа. Компанийн Тогтвортой хөгжил, орон нутгийн харилцааны багийнхан ч энэхүү арга хэмжээнд идэвхитэй оролцлоо. Орон нутгийн удирдлагатай уулзахын зэрэгцээ Элчин сайд ард иргэдийн төлөөлөлтэй уулзаж, АРЕВА Монгол компаниас орон нутгийн хөгжил, ард иргэд рүү чиглэсэн арга хэмжээнүүдтэй биечлэн танилцлаа.

AРЕВА Монгол компанийн ерөнхий захирал Т.Плэзант: “Манай хамт олон төсөл хэрэгжүүлж буй нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулах ёстой гэж үздэг. Иргэдийг ажлын байраар хангах, орон нутгаас худалдан авалт хийх, орон нутгийн хөгжлийн төслүүдэд туслах зэрэг үйл ажиллагаанууд эерэг үр дүн өгч байна. Бидний хүчин чармайлтыг үнэлж байгаад компанийн хамт олон баяртай байдаг. Компани Зүүнбаян тосгонтой хөгжүүлж ирсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. АРЕВА Монгол компани олборлолтын шатанд шилжих үед Зүүнбаян тосгон логистик болон хүний нөөцийн хувьд түшиц газар болох боломжтой” хэмээн онцоллоо.

АРЕВА Монгол / КОЖЕГОВЬ