2015 оны хоёрдахь Олон нийтийн оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр

August 28, 2015

2015 оны хоёрдахь Олон нийтийн оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр

КОЖЕГОВЬ компаниас хэрэгжүүлж байгаа байгаль орчны хяналт шинжилгээний ажил, түүний үр дүнг орон нутгийн удирдлага, ард иргэд олон нийтэд ил тод, нээлттэй болгох зорилгоор Олон нийтийн оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг 2013-2014 онуудад  амжилттай хэрэгжүүлсэн. 2015 оны эхний кампанит ажлыг 6 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд хийсэн бол хоёрдахийг энэ сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 2015 оны хувьд АРЕВА Монгол компанийн мэргэжилтнүүдээс тодорхой сэдвээр иргэдэд албан бус сургалт зохион байгуулах болон усны хяналт шинжилгээнд түлхүү анхаарч ажиллахаар шийдсэний дагуу энэ удаагийн хөтөлбөрөөр Аргалант, Баян Богд, Зүүнбаян багийн нутаг дээрх зургаан цэгээс усны дээжлэлт хийв. Үүнд:

-       Улаан Эрэг,

-       Зөөвчийн Ус,

-       Цэвүүний Ус,

-       Цайдам  (гар худаг),

-       Дунд булшит,

-       Гүн Сухайт худгаас усны дээж авлаа.

Малчид ундандаа хэрэглэдэг худгийн усыг шинжлүүлэх хүсэлт тавьсны дагуу хөтөлбөрөөр баталсан дээрх худаг дээр нэмж Улаанбадрах сумын нутаг дахь Цагаан шанд худгийн усыг мөн шинжилгээнд хамруулав.

Дээжийг итгэмжлэгдсэн Цөмийн судалгааны төв болон Геологийн төв лабораторид шинжилгээнд явууллаа.

Нутгийн малчид иргэд компанийн санаачилсан хөтөлбөрт идэвхитэй оролцож ирсэн бөгөөд энэ удаагийн компанит ажилд Улаанбадрах сум, Зүүнбаян багийн нийт  9 малчид оролцов. Мөн Улаанбадрах сумын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн, Агроэкологийн тэнхимийн Ургамал, хил хорио цээрийн 2 дугаар курсын оюутан Ч. Гантулга нь энэ зуны хээрийн ажлын дадлагаа компанийн БОХАБТХ хэлтэст хийж байгаа бөгөөд энэ ажилд гар бие оролцож, практик ажлын туршлага хуримтлууллаа.

Цацрагийн тунгийн хэмжилтийг газар дээр нь хийж, компанийн цацрагийн хамгаалалтын мэргэжилтнүүд  ионжуулагч цацраг идэвхт элементийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн байна.

Хөтөлбөрийн дараагийн ээлж ирэх 10 дугаар сард үргэлжилнэ.

 

AРЕВА Монгол/ КОЖЕГОВЬ ХХК