Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Франц Улсад

January 26, 2015

Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Франц Улсад

2015 оны 1 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд АРЕВА группийн Бэссин сайтад (Франц) Монгол Улсын Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Ганбаатараар ахлуулсан арван таван төлөөлөгчид, Монголын хэвлэл мэдээллийн гурван ажилтны хамт зочиллоо.

Энэхүү айлчлалын зорилго нь АРЕВА группийн уурхайн хаалтын дараах үйл ажиллагааг танилцуулж, тухайн мужийн үхрийн аж ахуйг Монголын төлөөлөгчдөд танилцуулах зорилготой байв. Францын энэхүү мужийн Лимузин үүлдрийн үхрийг Монголд нутагшуулж байгаа сайхан жишээг мөн дурдлаа.

Монголын төлөөлөгчид мужийн захиргаа, зөвлөлийн гишүүдтэй уулзаж, уул уурхай болон уурхайн хаалтын дараах үйл ажиллагаанаас мужийн эдийн засаг, ажил эрхлэлт, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар ярилцсан байна.

Төлөөлөгчид нөхөн сэргээлт хийсэн хуучин ураны уурхай ажиллаж байсан хоёр газраар явж танилцсан байна. Үүний дараа төлөөлөгчид Франц Улсад хийгдэж ирсэн уран олборлолтын түүхийг харуулсан кино үзэж, уул уурхайн ертөнцөөр аялжээ.

Айлчлалын хоёр дахь өдөр Монголын төлөөлөгчид геологийн шинжлэх ухааны төвөөр зочлов. Энэ төвд хадгалагдаж буй 60 жилийн түүхийг илтгэсэн баримт, материалыг үзэж, шлиф бэлтгэх лабораториор орж, АРЕВА группийн үйл ажиллагаа явуулж байгаа орнууд, тухайлбал Монголоос ирсэн чулуулгийг үзэж сонирхжээ.