Төслийн чухал үе шатыг давлаа !

April 10, 2015

Төслийн чухал үе шатыг давлаа !

2015 оны 2 дугаар сарын 4-нд Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар Дулаан Уул, Зөөвч Овоо ураны ордыг Газар доор уусган олборлох аргаар ашиглах, хүдэр боловсруулах төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцлээ.

Энэхүү ТЭЗҮ-ийг геологи, уул уурхайн зураг төсөл боловсруулах эрхтэй Монголын Гложекс компани боловсруулсан. Ураны ордуудыг үр ашигтай, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр олборлох боломжтой эсэхийг тодорхойлох техник, байгаль орчин, хууль эрхзүй, эдийн засаг санхүүгийн хэд хэдэн нарийвчилсан судалгаа ТЭЗҮ-д багтсан болно.

Өнгөрөгч 2 дугаар сарын 4-ний өдрийн өргөтгөсөн хуралдааны шийдвэрт үндэслэн  Ашигт Малтмалын Газраас ТЭЗҮ-г баталсан тушаалыг 2015 оны 3 дугаар сарын 19-нд албан ёсоор хүлээн авлаа.

Олборлох төслийн захирал Фредерик Гэрэн: «Төслийн ТЭЗҮ батлагдах нь АРЕВА группээс Монгол Улсад хэрэгжүүж  байгаа төслийн хувьд маш чухал үе шат юм. 800 гаруй хуудас ТЭЗҮ нь Дулаан Уул, Зөөвч Овоo хоёр ураны ордын олборлолтын төслийг хамарч байна. Дулаан Уул, Зөөвч Овоо ураны ордыг Кожеговь компани геологи хайгуулын ажлынхаа үр дүнд нээж, нөөцийг нь ашигт малтмалын нөөцийн нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлсэн билээ. Манай компани энэ хоёр орд дээр ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг 2011,  2014 онуудад гаргасан. Тиймээс ТЭЗҮ батлагдсан нь өндөр ач холбогдолтой билээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргах шийдвэр манай төслийн хувьд чухал юм. АРЕВА Монгол компанийн хамт олон Монгол Улсын Засгийн газар, Японы хамтрагчийн хамт хамтарсан ураны төслөө амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна », хэмээн цохон тэмдэглэв.