“Аден Сервисис Монголиа” компанийн Хүний нөөцийн менежер С. Мөнхдэлгэр

November 03, 2014

Юуны өмнө байгууллагынхаа талаар товч танилцуулахгүй юу ?

Аден Сервисес Монголиа ХХК нь хамтын хөрөнгө оруулалтай Үндэсний үйлчилгээ үзүүлэгч компани юм. Монголын талын хөрөнгө оруулагч нар маань салбартаа өөрсдийн байр сууриа олсон, олон жилийн дадлага туршлагтай компаниудын хувьд хамтдаа Монголын үйлчилгээний салбарыг дэлхийн стандартанд хүргэх зорилгоор Аден Сервисес Монголиа ХХК-ийг байгуулсан билээ.

Тэгвэл хөрөнгө оруулагч “АДЕН Сервисес” групп нь дэлхийн 30 гаруй оронд салбартай 21,000 ажилтантай.

Монгол улсад 2008 оноос идэвхтэй үйл ажилгаагаа явуулж ирлээ. Одоо бид өөрсдийн салбартаа өрсөлдөхуйц байр сууриа эзэлж, үйлчлүүлэгч нартаа танигдан итгэлийг нь хүлээсээр байна. Өнгөрсөн хугацаанд бид Өмнөговь аймагт хоёр ч төсөл дээр кемпийн худалдан авалт, кемпийн цогц үйлчилгээний менежментийг амжилттай хэрэгжүүлж ирсэн байгаа.

Танай байгууллага Дорноговь аймагт ажиллаад хэр удаж байгаа вэ ? Ажиллах орчин нөхцлийн талаар ямар бодолтой байдаг вэ?

Бид Кожеговь ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулснаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт 2013 оноос үйл ажиллагагаа явуулж байна. Кожеговь ХХК нь ажилчдынхаа эрүүл ахуй, аюулгүй байдал, тав тух, үйлчилгээний чанарт маш өндөр шаардлага тавьдаг. Энэ нь бидний үйчлүүлэгчээ дээдлэх зорилго, зарчимтай нийцдэг болохоор “бүтээгдэхүүн” мөн “үйлчилгээндээ” бид чанарыг эрхэмлэдэг. Тэр хэрээр манай байгууллагын үзүүлж буй үйлчилгээ Монголд нэгэн шинэ стандартыг бий болгож байна гэж боддог доо.

Танай компани орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байгааг нутгийнхан бидэнд хэлж байсан л даа. Энэ талаараа дурдвал..?

Одоогийн байдлаар Дулаан уул төсөл дээр орон нутгаас 30 гаруй хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байна. Ер нь нийт ажилчдын маань 75 хувь нь орон нутгаас байдаг. Тэгэхээр энэ хэмжээний ажлын байрыг бий болгож буй аж ахуй нэгж орон нутагт тийм ч олон биш байх аа. Ялангуяа эдийн засаг хүндэрсэн энэ үед хүмүүсийн ажлын байрыг хадгалж үлдэнэ гэдэг бол маш чухал. Энэ онд бид “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч тэргүүний байгууллага”-аар шалгарч өргөмжлөл хүртсэн нь үүний нэг илэрхийлэл болж байгаа. Бид ажлын байр бий болгохоос гадна орон нутгийн иргэдээс сүү, хүнсний ногоо гэх мэт ханган нийлүүлэлтээ авдаг.

Энэ нь эргээд орон нутгийн аж ахуй нэгжүүдийг дэмжсэн, бас нөгөө талаас манай компанийн нийгмийн хариуцлагын бодлоготой нийцдэг юм.

Арева Монгол, Кожеговь компанитай хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх талаар та бүхэн ямар бодолтой байгаа бол ? Энэ талаар бодлоо хуваалцахгүй юу?

Монгол улсын хөгжилд уул уурхайгаас үзүүлэх хувь нэмэр ямар чухал, хэрэгцээтэй байгааг монголчууд бид урьд өмнөхөөсөө илүү ухаарч, ойлгож байна. Энд ажиллаж буй олон зуун хүний ард олон гэр бүлийн асуудал байдаг гэдгийг дурдахад илүүдэхгүй байх аа. Тиймээс Монгол улсад хариуцлагатай уул уурхайн жишиг болохуйц, дэлхийд нэр хүндтэй Арева Монгол компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаасай гэж мэдээж хүсч байна. Үйл ажиллагаа нь хэвийн явагдана гэдэг нь манайх шиг олон аж ахуй нэгж ажилтай байж, тэнд ажиллаж буй олон зуун монгол хүмүүсийн нийгмийн баталгаа хангагдана гэсэн үг. Тиймээс бид цаашид Арева Монгол компанитай хамтран ажиллахадаа үргэлж талархалтай байх болно.