Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Франц, Монголын бизнес форумд АРЕВА өөрийн ураны төслийг танилцууллаа

September 30, 2014

Франц, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2015 онд тэмдэглэх ажлын хүрээнд Франц-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас бизнес форумыг хоёр дахь удаагаа “Эрчим хүчний салбар хоёр талын хамтын ажиллагааны үндсэн чиглэл” сэдвийн доор 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хоноо Blue sky зочид буудалд зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын шийдвэр гаргах түвшний төлөөлөгчид, Ньюком групп, МCS групп, МАК групп, Петровис групп зэрэг Монгол улсын тэргүүлэгч компаниуд болон GDF SUEZ, Schneider Electric, AREVA, Air Liquide зэрэг Францын эрчим хүчний үйлдвэрлэл, менежмент, альтернатив эх үүсвэр зэрэг олон салбарт өвөрмөц туршлага бүхий үндэстэн дамнасан компаниудын 150 төлөөлөгч оролцсон талаар ФМХАҮТанхимын хэвлэлийн мэдээнд дурджээ.

ФМХАҮТ–ын Ерөнхийлөгч, АРЕВА Монгол компанийн Гүйцэтгэх захирал ноён Т.Плэзант “Сүүлийн жилүүдэд Франц, Монголын худалдаа эрчимтэй өсөж, 2003-с 2013 оны хооронд 4 дахин нэмэгдсэн. Франц Улс нь Европын Холбоо дахь Монгол Улсын хоёр дахь том эдийн засгийн түнш болсон ба манай хоёр улс хөдөө аж ахуй, экспорт/импорт, аялал жуулчлал, соёл урлаг, дэд бүтэц болон эрчим хүчний салбарт нийтлэг ашиг сонирхолтой байгааг хэрэгжиж байгаа олон төслүүдээс харж болох юм. Франц компаниуд сүүлийн үеийн технологи, ноу-хаугаа авчрах боломжтой ба хамгийн чухал нь гадаад хөрөнгө оруулалтын онцгой арга хандлагыг санал болгож чадна” хэмээн онцоллоо.

Арга хэмжээний үеэр АРЕВА-ын Уул уурхайн бизнес группийн Стратеги, Хөгжил хариуцсан Дэд ерөнхийлөгч ноён Арман Лафэррэр танилцуулга хийсэн ба тэрээр АРЕВА групп нь ураны хайгуулаас түлш дахин боловсруулалтын төгсгөл хүртэл цөмийн түлшний циклийг бүхэлд нь хамарсан үйл ажиллагаа явуулдгаараа онцлог болох талаар илтгэлдээ онцлов.

Мөн тэрээр “АРЕВА групп Монгол Улстай түншлэлээ хөгжүүлсээр 18 жил болж байна. Уул уурхайн хариуцлагатай тоглогчийн хувьд АРЕВА өөрийн төслийг орон нутгийн ард иргэд хүлээн зөвшөөрөх явдлыг нэн тэргүүнд тавьж үздэг” хэмээн онцолсон байна. АРЕВА-н нээсэн ураны 2 ордын нөөц нэмэгдсэнээр Монгол Улсад ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч 13 орны нэг болжээ (2013 оны 1 дүгээр сараас эхлэн- эх сурвалж: ОУАЭА).

Энэ жилийн форум сайн зохион байгуулалттай , Франц, Монголын бизнесийн төлөөллүүд маш олноор оролцож, Эрчим хүчний Дэд Сайд, Уул уурхайн Дэд Сайд зэрэг Монгол Улсын дээд түвшний албаны хүмүүс хүрэлцэн ирсэн арга хэмжээ боллоо.

АРЕВА Монгол/ Кожеговь