Монгол улсад цацраг

May 15, 2014

МОНГОЛ УЛСАД ЦАЦРАГ ИДЭВХТ АШИГТ МАЛТМАЛ  ОЛБОРЛОХ БОЛОН МОНГОЛ УЛС ДАХЬ  “АРЕВА”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭСЭРГҮҮЦЭЖ БУЙ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХАНДСАН НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ

“Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн”

Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл

“Гал Үндэстэн Холбоо”

“Босоо Хөх Монгол”

Гамшгийн Эсрэг Үндэсний Төв

“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл”

Грийнпийс Монгол

байгууллагуудад хандах нь  

                                                                             2014.05.15        Улаанбаатар хот

Танай байгууллагуудын зүгээс 2012 оноос хойш манай компани болон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын ажлын нөлөөллийн тухай ташаа мэдээллийг нутгийн иргэд болон олон нийтэд удаа дараа хүргэх замаар “АРЕВА” группын Монгол улсад хэрэгжүүлж буй цацраг идэвхт ашигт малтмалын салбарт хэрэгжүүлж байгаа төслийн явцыг тасалдуулан зогсоохыг оролдсоор ирлээ. Та бүхэн цацраг идэвхт ашигт малтмал олборлохыг бүхэлд нь, тэр дундаа “АРЕВА”-ийн төслийг зогсоох ганц шаардлага тавьсаар ирсэн гэх атлаа “АРЕВА”-г яриа хэлэлцээрээс татгалзсаар байгаа мэтээр олон нийтэд мэдэгдэж, үүнийгээ манай компанийн эсрэг явуулж буй та бүхний шаардлага болон хийж байгаа үйл ажиллагаанд улам бүр тод илрэх болсон хүчирхийллийн хандлагыг зөвтгөх  шалтгаан болгон ашиглаж байна.

“АРЕВА” нь үйл ажиллагаагаа явуулдаг бүх улс оронд иргэний нийгмийн байгууллагуудтай үр дүнтэй, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлдэг. Гэхдээ хүчирхийлэл өдөөсөн болон шахалт үзүүлэн заналхийлэх нь ямар нэг яриа хэлэлцээ өрнүүлэх боломжийг олгодоггүйн дээр, энэ нь харин ч зөрчлийг улам өөгшүүлэхэд хүргэдэгт бид гүнээ харамсдаг. Цөмийн эсрэг хөдөлгөөний зарим байгууллагууд интэрнэтэд бүгдэд ил тод тавьсан үндсэн зарчимдаа, “терроризм болон хүчирхийллийн бүх хэлбэрээс зайлсхийнэ” гэж тодорхойлдог хэдий ч , сүүлийн үед “хүний амиар дэнчин тавьж байгаад ч хамаагүй энэ байдлыг зогсооно” гэж хэвлэл мэдээллээр сүрдүүлсэнд бидний сэтгэл их зовниж байна. Энэ бол бидний зүгээс яагаад ч хүлээж авах боломжгүй шаардлага юм.

“АРЕВА Монгол” ба “Кожеговь” компаниуд нь Монгол Улсын хуулийн хүрээнд бүх үйл ажиллагаагаа явуулдаг. Бид байгаль орчин, нутгийн иргэдийн эрүүл мэнд болон мал, амьтдад хортой ямар ч үйл ажиллагаа эрхэлдэггүй. Манай хайгуулын үйл ажиллагаа болон 2010 оны 12-р сараас 2011 оны 6-р сар хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн газар доор уусган олборлох бага хэмжээний туршилт нь байгаль орчинд маш бага нөлөөлөлтэй, мөн ямар нэг аюултай хаягдлыг ялгаруулдаггүй болно. Манай компанийн зүгээс орон нутгийн байгууллагуудтай хамтран хийдэг хяналт шалгалт болон Монгол улсын хяналт шалгалтын байгууллага болох Цөмийн энергийн газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны оролцоотойгоор тогтмол хийдэг байгаль орчны нөлөөллийн хяналтаар үүнийг баталж байгаа юм. Хэдийгээр та бүхэн үл итгэх байр суурь баримталж болох ч АРЕВА Монгол болон Кожеговь компаниуд нь өдөр тутмын үйл ажиллагаандаа шинжлэх ухааны бодитой үндэслэл, дүн шинжилгээ болон хууль дээдлэх зарчим дээр үндэслэсэн шийдвэрүүдийг л баримталдаг гэдгээ мэдэгдэж байна.

Монгол Улсын Засгийн Газраас ураны баялгаа олборлох бодлого баримтлан, энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд стратегийн түншээрээ “АРЕВА”-г сонгосон болно.

Хэрэв чөлөөтэй, шударга, нээлттэй яриа хэлэлцээрийн нөхцөл бүрдвэл бид Та бүгдийн төлөөлөлтэй Монгол улсын Төр, Засгийн байгууллагуудын төлөөлөгчдийг байлцуулан ярилцахад бэлэн байна гэдгээ дахин илэрхийлж байна. Та бүхэн манай компанийн нэр хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, компанийн ажилтнуудын эрүүл, аюулгүй байх эрх болон бидний өмчид халдахаар заналхийлж сүрдүүлэхгүй байхыг дахин хүсч байна. “АРЕВА” болон түүний салбар компаниуд Монгол Улсын хууль тогтоомжийг үргэлж сахин биелүүлж байгаагийн нэгэн адилаар бид Та бүхнээс Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн, дагаж мөрдөхийг энэ захидлаараа дамжуулан уриалж байна.   

АРЕВА Монгол ХХК-ийн захиргаа