“Кожеговь” ХХК-ийн мэдэгдэл

February 20, 2014

"Гамшгийн эсрэг үндэсний төв" хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ж. Ганбаатар, "Гал Үндэстэн" холбооны гүйцэтгэх захирал Я.Хундаганай  тэргүүтэй хүмүүс  "АРЕВА" групп, түүний охин компани "Кожеговь" ХХК-ний эсрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал, үндэслэлгүй, бодит байдлыг зориудаар мушгин гуйвуулсан мэдээллийг сүүлийн үед идэвхтэй цацаж байна. Энэ байдал улам даамжирч, Цөмийн эсрэг монголчуудын хөдөлгөөн гэсэн нөхдүүд 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот дахь "АРЕВА Монгол" ХХК-ний төв оффист бөөнөөрөө дайран орж, компанийн ажилчдыг хэл амаар доромжилж, бүдүүлэг авирлалаа.

Иймд бид энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
"АРЕВА Монгол" ХХК, "Кожеговь" ХХК нь Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдөж, хүн ам, малын эрүүл мэнд, байгаль орчинд ямар ч хоргүй үйл ажиллагаа явуулж байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

"Кожеговь" ХХК нь Монгол Улсад 1997 оноос одоог хүртэл хайгуулын үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Энэ хугацаанд Монгол Улсын хууль, журмыг чанд мөрдөж, шаардагдах бүх зөвшөөрлүүдийг авч ажилласаар ирсэн. "Кожеговь" ХХК-ний үйл ажиллагааг Цөмийн Энергийн газар, Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам, Аймаг, сумын мэргэжлийн хяналтын байгууллагуудаас байнга хянаж, шалгадаг. Эдгээр байгууллагуудын 17 жилийн туршид хийсэн шалгалтаар "Кожеговь" ХХК-ний хайгуулын ажиллагаанаас болж цацраг идэвхт бодис, цацрагийн хий алдагдсан тохиолдол гараагүй, технологийн туршилтанд ямар ч технологийн алдаа гараагүй болно. Цөмийн Энергийн газраас баталсан Цацрагийн аюулгүй ажиллагааны журмаар тогтсон хуваарийн дагуу "Кожеговь" ХХК хайгуул явуулж буй талбай, талбайн орчмын байгаль орчинд цацрагийн хяналт хийдэг. Хяналтын тайлангаа Цөмийн Энергийн тухай хуулийн дагуу Цөмийн Энергийн газарт илгээж, тус газрын байнгын хяналт шалгалтын дор ажиллаж байна.

"Кожеговь" ХХК нь шар нунтаг огт олборлоогүй. Цөмийн Энергийн газрын тавьсан шаардлагын дагуу технологийн туршилтаар Дулаан Уул ордоос 2.7 тонн ураны хүдэр буюу шороо олборлосон нь Цөмийн Энергийн газрын хяналтан дор тусгай хамгаалалтанд хадгалагдаж байгаа. Энэхүү хүдэр нь байгалийн шороо бөгөөд уран биш, шар нунтаг биш бөгөөд цацрагийн ямар ч аюулгүй юм. 

 "АРЕВА" группын хэрэглэдэг газар дор уусган олборлох технологи нь дэлхийн ураны үйлдвэрлэлийн 40 гаруй хувьд ашиглагдаж байгаа, байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөөлөл үзүүлдэг хамгийн орчин үеийн технологи юм.

Хайгуулын явцад лицензтэй талбай бүрт жил бүр Байгаль орчин хамгаалах төлөвлөгөө гаргаж, орон нутаг дахь байгаль орчны улсын байцаагч, Сумын засаг даргад танилцуулж, Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамаар батлуулж, төлөвлөгөөний дагуу байгаль орчин хамгаалж, нөхөн сэргээж “Кожеговь” ХХК ажилладаг.

Тус компанийг хаалтын гэрээ байгуулаагүй гэж эдгээр ТББ–ын нөхдүүд буруутгаж, хууль, тогтоомж зөрчсөн мэтээр олон нийтэд харагдуулж байна. Уурхайн хаалтын гэрээг байгуулах гэсэн ойлголт Монгол Улсын аль ч хуулинд байхгүй. Ашигт малтмалын тухай хуулинд “Уурхайг хаах үед тавигдах шаардлага” гэсэн 45 дугаар зүйл, Цөмийн Энергийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Орд ашиглах гэрээнд уурхайг хаах ерөнхий төлөвлөгөөг тусгах тухай” заалт байдаг. Улсын Мэргэжлийн хяналтын газраас баталсан "Уурхайг түр болон бүрмөсөн хаах журам" нь уурхайг хаах үед авах шаардлагатай засан сайжруулах арга хэмжээг зааснаас бус хаалтын гэрээ байгуулах шаардлага тавиагүй. Нөгөө талаар хаалт нөхөн сэргээлтийн ажлууд ордыг бүрэн ашиглаж дуусах сүүлийн шатанд болон бүрэн дууссан үед хийгддэг. Гэтэл өнөөдөр манай компани уурхай хаах нь бүү хэл, уурхай нээж ажиллуулаагүй байна.

Харин "Арева" групп нь олон улсын стандардыг мөрддөг, хариуцлагатай уул уурхайн компани болохын хувьд уурхайн хаалтын асуудлыг орд ашиглах ТЭЗҮ–д тусгаж, зарцуулагдах хөрөнгийг эртнээс төлөвлөдөг.

Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тусгай зөвшөөрлийг цуцалдаг эрх бүхий субьект биш. Дорноговь Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас манай компанид ямар ч мэдэгдэл ирүүлээгүй бөгөөд бид ТББ-ынхны ярьсан 2013 оны 7-р сарын 31-ний өдрийн Дорноговь аймгийн ИТХ-ын тогтоолыг гуравдагч этгээдээс олж үзэхэд уг тогтоол нь холбогдох байгууллагад санал хүргүүлэх талаар аймгийн Засаг даргад үүрэг болгосон тогтоол байна. Харин холбогдох байгуулллагууд, Цөмийн Энергийн газраас лицензийг түдгэлзүүлэх нөхцөл үүсээгүй гэж үзэж, түдгэлзүүлэх талаар ямар нэг шийдвэр гаргаагүй, гаргасан бол бидэнд энэ талаар мэдэгдэх байсан билээ.