Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүдэд зориулсан чадавхижуулах  сургалт зохион байгууллаа

October 10, 2018

Бадрах Энержи ХХК-иас Сайн дурынхны хөгжлийн төв* ТББ-тай  хамтран Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багийн Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүдэд зориулан “Олон нийтийн хөгжил ба  манлайлал” сэдэвт чадавхижуулах сургалтыг 2018 оны 9 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Улаанбадрах сум, Зүүнбаян багт тус тус амжилттай зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан Зүүнбаян багийн Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх аяныг өрнүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, сургалтыг удирдан явуулсан  байгууллагатай цаашдаа хамтран сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулахад иргэн бүрийн оролцоо чухал байгааг хэлж байсан бол Улаанбадрах сумын Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүд энэ төрлийн олон нийтэд чиглэсэн сургалтыг төлөвлөгөөний дагуу тогтмол зохион байгуулах нь үр өгөөжтэй болохыг онцолж байлаа. Сургалтад оролцсон нийт гишүүд нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд иргэн бүр хувь нэмрээ оруулах нь зөв зүйтэй  гэдэг дээр  санал нэг байлаа.

Зүүнбаян багийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Д. Гантогтох: “Энэ сургалтаар  “олон нийт” гэж сонирхлоороо нэгдсэн бүлэг хүмүүс байдаг бөгөөд  хэдэн ч олон нийт байж болох талаар ойлголоо. Бидний хүүхэд насны Зүүнбаян хотыг хөгжүүлэхэд  иргэн бүр хамтран оролцоно гэдэгт итгэлтэй байна”,  гэж байсан бол,  Улаанбадрах сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга И. Адъяаням: “Сургалтыг удирдан явуулсан “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-ын  хамт олонд талархаж байна. Мөн сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллаж, санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн Бадрах Энержи ХХК-д баярлалаа” гэж талархлаа илэрхийлэв. 

Сургалтад идэвх санаачлагатай оролцсон Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүдэд Сайн дурынхны хөгжлийн төв ТББ-аас “Гэрчилгээ”  гардуулж, сургалтаа өндөрлөв. Бадрах Энержи ХХК-ийн зүгээс энэ төрлийн сургалт хөгжлийн хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахад цаашид ч идэвхи санаачлагатай ажиллана.

 *Сайн дурынхны хөгжлийн төв байгууллага Монгол Улсын Улаанбаатар хотноо байрладаг ашгийн бус байгууллага юм. Тус байгууллага нь  нийгмийн бүхий л салбарт ажиллах сайн дурынхныг чадваржуулах, хөгжүүлэх замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой юм байна.

Бадрах Энержи ХХК/ КОЖЕГОВЬ ХХК